lichess.org
Donate

МОНГОЛ ШАТАРЧДЫН ӨДӨР 08-10

Мянганыг өртөөлсөн Монголын шатрын ертөнц 8-р сарын 10-ны өдрийг "МОНГОЛ ШАТАРЧДЫН ӨДӨР" болгон тэмдэглэдэг билээ. Хүннү гүрнээс эхлэлтэй Монгол улсын оршин буй Төв азийн өргөн тал нутагт оюуны спорт шатрын үүсэл, хөгжлийг илэрхийлэх түүхэн дурсгалт газар олноор илэрсэн байдаг билээ.

Одоо бидний мэдэх орчин үеийн шатар 1930-аад оноос хөгжиж, энэхүү спортыг нийтэд танилцуулан, монгол шатраас орчин үеийн шатарт шилжих томоохон ажлыг өрнүүлсэн Монголын шатрын загалмайлсан эцэг Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат Лагнаадоржийн САНЖААЖАМЦ гуайг өнөөдөр дурдахгүй байхын аргагүй ээ. Энэ хүний нөр хөдөлмөрийн үр шимээр 1936 онд анхны шатрын клуб байгуулагдан, анхны шатрын ном хэвлэгдэж, МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО хэмээх нэгэн том өрх айл галаа ноцоосон юм.

1955 оны 8-р сарын 10-ны өдөр Монголын шатрын холбоо Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/-нд гишүүнээр элссэн нь бусад төрлийн спортоос олон улсын холбоондоо гишүүнээр элссэн АНХНЫ ТОХИОЛДОЛ болсон юм. Улмаар 1956 онд Ази тивд анх удаа олон улсын тэмцээнийг зохион байгуулж 11-р сард шигшээ багийг спортын мастер Д.Намсрай, Д.Цэрэндагва, Г.Ичинхорлоо, Д.Бямбаа, олон улсын шатрын холбооны мастер Ж.Хулганаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, дасгалжуулагчаар нь Олон улсын шүүгч Н.Намжилыг, шатрын клубыг эрхлэгчээр нь спортын дэд мастер Х.Балдандоржийг томилсон нь энэхүү спортын хөгжилт, цэцэглэлтэнд нь томоохон түлхэц болсон.

Өдгөө наяад жилийн түүхтэй шатрын спортоос Монгол улсын гавъяат дасгалжуулагч хоёр, гавъяат тамирчин дөрөв, гавъяат багш найм, шатрын дээд оргил болох Олон улсын их мастер цолыг Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, C.Билгүүн, Г.Мөнхгал, У.Насанжаргал, Д.Батсүрэн, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Ү.Үүрийнтуяа, Б.Амина нар хүртэж, тив, дэлхийн аваргууд ангилалд бүрт төржээ.

Энэхүү сайхан өдрийг “Монголын шатарчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг анх гаргасан Шатрын бодлого зохиомжийн олон улсын хэмжээний мастер Л.Тогоохүү ахдаа нийт шатарчдын өмнөөс халуун талархал дэвшүүлье. Өнөөдөр нийт шатарчид маань 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумаас гэр гэрээсээ онлайн тэмцээндээ оролцож, баяраа тэмдэглэж байна.

Нийт шатарчид, шатрын зүтгэлтнүүд, шатрын булчирхайтай хэн бүхэнд “МОНГОЛЫН ШАТАРЧДЫН ӨДӨР”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

  • БИД НЭГ ГЭР БҮЛ - GENS UNA SUMUS -